Бизнесийн сэтгэл зүйчид : Сэтгэл судлалын урсгал чиглэл: Гуманизм

Сэтгэл судлалын урсгал чиглэл: Гуманизм

Гуманизм

,,Humanism,, буюу гуманист хандлага нь XX зууны 60-аад оны үед психоанализ болон бихевиоризмын эсрэг 3 дахь хүч гэж зарлан гарч иржээ. Америкийн хэсэг эрдэмтэд хүмүүнлэгийн сэтгэл судлал гэсэн нэр томъёог бий болгосон бөгөөд энэ нь хүнлэг, энэрэнгүй, хүмүүнлэг урсгал чиглэл юм. Гол төлөөлөгчид нь А.Маслоу, К.Роджерс, Г.Олпорт В.Франкл нар юм. Гол зарчим нь ухамсрын үүргийг чухалчилж хүний мөн чанарыг авч үздэг. Сэтгэлийн тэнхээ, бие хүний бүтээлч хүчинд гол анхаарлаа хандуулдаг. Хүмүүнлэгийн гэж нэрлэсний учир нь хүн бүхэнд өөрийнхөө хувь заяаг өөрөө шийдэх боломжийг олговол хүн бүр хөгжиж чадна гэсэн итгэл дээр тулгуурлаж байгаа юм.

Хүнийг хүн гэдэг талаас нь онцгойлон авч үзсэн ба хүн нь ирээдүйд тэмүүлсэн, давтагдашгүй, өөрийгөө бүтээлчээр хөгжүүлж, хүсэл мөрөөдөлдөө чөлөөтэй тэмүүлж, хөгжиж, төлөвшиж байдаг нээлттэй систем юм. Өгөгдсөн боломжоос чөлөөт сонголт хийх, өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай хүнийг хүмүүнлэгийн онолд үндсэн загвараа болгон авч үздэг. Хүн хэзээ ч хөдөлгөөнгүй, хаагдмал байдалд байдаггүй, харин байнгын өсөлт өөрчлөлтөд оршдог гэсэн тэдний үзэл нь нэн чухал. Хүмүүнлэгийн сэтгэл зүйчид үүнд ихээхэн ач холбогдол өгөхийн зэрэгцээ энэ нь маш төвөгтэй юм гэдгийг хүлээн зөвшөөрдөг (Уламжлал, заншлыг хэт эрхэмлэдэг, хүнд суртал захиргаадалт ноёрхсон газарт хүн эрх чөлөөтэй байж, өөрийгөө илтгэн харуулах нь маш төвөгтэй).

Бие хүнийг төлөвшүүлэх, хүн өөрийгөө бүтээлчээр, нээн илрүүлэх нь зайлшгүйн тухай санааг А.Маслоу дэвшүүлжээ. Абрахам Маслоу (1908-1970) 1908 оны 4 сарын 1-нд Нью-Иоркийн Бруклинд төржээ. Эцэг нь архичин маш хүүхэмсэг этгээд байсан ба эх нь их хатуу ширүүн хүн байсан гэдэг. Маслоу өөрийгөө бусдаас дутуу гэж үздэг, сульданги биетэй, том хамартай хүүхэд байлаа. Энэ бүхнээсээ их ичдэг байжээ. Тэрээр нас барахаасаа хоёр жилийн өмнө буюу 1968 оны 7 сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа ,, ...Би еврей бус хөршүүдтэй, жижигхэн еврей хүү байлаа. Тэр үед яг л нэгэн негр хүүг цагаан арьстнуудын дунд ганцааранг нь оруулчихсан шиг л байдалд байлаа. Би нэг их аз жаргалтай хүүхэд байгаагүй. Маш их ганцаардмал, зожиг, найз нөхөдгүй байсныг одоо тод санаж байна. Миний үнэнч найз маань унших дуртай номууд минь байсан ба би бараг л номнуудын дунд өссөн,, [5.560] гэж ярьсан байна. Маслоуг хүмүүнлэг сэтгэл судлалыг үндэслэгч гэж үздэг. Маслоугийн хүмүүнлэг сэтгэл судлалын тулгуур санаанууд гэвэл: -хувь хүн нэгдмэл цул зүйл болох тухай үзэл байлаа. Хувь хүн бүр нь хосгүй зохион байгуулалт бүхий нэгдмэл цул зүйл бөгөөд дотоод мөн чанар нь эерэг чиглэлээр илэрэх ёстой гэж үзэж байв. Гэвч хүнд түрэмгий чанарын нөөц байдаг гэнэ. Үүнийг Маслоу хүмүүст илрэх ,,сүйтгэх,, хүч гэж нэрлээд, уг хүч түгжин баригдсанаас эсвэл үндсэн хэрэгцээнийх нь аль нэг нь хангагдаагүйгээс болдог гэж үзжээ.

Хүний бүтээлч чадавхи ба бүтээлч чанар бол хүний мөн чанарыг илтгэдэг. Энэ нь төрөлхөөс заяагдсан, салшгүй чанар нь юм гэж Маслоу үзсэн байна. Бүтээлч байхын тулд юм бичиж, хөгжим зохион, зураг зурах шаардлагагүй. Үүнийг цөөхөн хүмүүс хийж чаддаг. Худалдагч, малчин, багш, бизнесмен ажилчин гэх зэргээр амьдралаа өөрөө хариуцан авч яваа хүн бүр бүтээлч болох ажээ. Түүний үзлээр хүн бүр өөрийгөө чухалчлах эрмэлзэлтэй төрдөг. Өөрийн авъяас чадварыг нээх, өөрт нуугдмал байгаа нөөц боломжоо хөгжүүлэх эрмэлзэл нь хүний хамгийн дээд хэрэгцээ юм гэж үзжээ. Маслоу өөрийнхөө 2 шавийн оюун ухааны чадварыг нээх гэсэн оролдогооос үүдээд хэрэгцээний шатлалын онолоо дараахь байдлаар томьёолжээ.

  1. Физиологийн үндсэн хэрэгцээ. (идэх, өмсөх, уух, амьсгалах, сексийн гэх мэт)
  2. Аюулгүй байдлын хэрэгцээ. (тайван байх)
  3. Хайрлуулах ба харъяалагдах хэрэгцээ (нийтэч байх, таатай байх, тодорхой нэг бүлэгт харъяалагдах хэрэгцээ)
  4. Хүндлүүлэх хэрэгцээ (гэр бүлийнхэн болон хүрээлэн буй хүмүүсээр хүндлүүлэх)
  5. Өөрийгөө чухалчилж нээн илрүүлэх хэрэгцээ. (,,би,,-г илэрхийлэх, дээд хэрэгцээ)






Маслоугийн шатлалын онолыг схемээр харуулж болох юм.

Маслоу эдгээр хэрэгцээндээ маш их ач холбогдол өгч байсан юм. Хүн энэхүү хэрэгцээний шатлалаар хэдийчинээ ахих тусам эрүүл мэнд, чадвар чадавхи нь сайжирдаг. Өөрийгөө нээж, дотоод хүчин чадлаа дайчлахад орчин их нөлөөтэй. Хэрэв гэр бүлийн орчин сайхан, тав тухтай байх 2-р хэрэгцээ хангагдахад хүнд өөрийгөө нээх нөхцөл бүрддэг. Хамгийн дээд шатны хэрэгцээнд хүрсэн хүн амиа боддоггүй, муу чанаргүй, өөрийнхөө боломжийг дээд зэргээр ашигладаг, үзэн ядах үзэлгүй сайн хүн байдаг. Гэтэл хүн амын зөвхөн нэг хувь нь дотоод нөөцөө дайчилж чаддаг суут хүмүүс байна. Учир нь олон хүмүүс өөрийнхөө чадавхийг олж хардаггүй гэнэ. Ийм чадавхи байдгаа мэддэггүй учраас хүн өөрийгөө төгс боловсронгуй болгохын ашиг тусыг ойлгодоггүй гэжээ.

Маслоу өөрийгөө нээх 8 арга замыг тодорхойлжээ.

  1. Өөрийгөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэх (ичих биеэ барих юмгүй, чөлөөтэй байх хэрэгтэй)
  2. Амьдралаа байнгын шилэн сонгох процесс гэж сэтгэх хэрэгтэй.
  3. Хүн бол ,,tabula rasa,, (цэвэр самбар) биш. (Би байна гэдгээ цаг ямагт ухамсарлах хэрэгтэй).
  4. Хариуцлагыг гартаа авч сурах
  5. Нонконформист (бусдаас хамааралгүй орших) байх
  6. Өөрийн боломж нөөцийг нээх
  7. Байнгын гэрэл гэгээтэй амьдрах
  8. Өөрийгөө хүндэтгэх

А.Маслоу үргэлж сайн багш нараараа бахархдаг байсан бөгөөд тэд бол Э.Фромм, К.Хорни, Р.Бенедикт, А.Адлер, Д.Ливи, Х.Хэрлоу нар юм. Маслоу Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч байсан бөгөөд 1968 онд түүнийг Америкийн гуманист нийгэмлэгээс тэр жилийн хамгийн шилдэг гуманистаар өргөмжилж байжээ. (АРА)-American Psychological.

Гуманизмын бас нэгэн томоохон төлөөлөгч бол Карл Роджерс (1902-1987) юм.

Хүн бүхий л амьд бие махбодийн нэгэн адилаар өсөж хөгжих төрөлхийн шинжтэй. Хүн сайхан сэтгэлтэй байдаг бөгөөд нийгмийн зүгээс хүлээсэн үүрэг хариуцлагаасаа шалтгаалж муу зүйлийг хийдэг. Бие хүний төлөвшилтөнд орчин их нөлөөтэй. Энэ нь биологийн хүчин зүйлээс ч илүү гэж К.Роджерс үзжээ. Өөрөөр хэлбэл хүн төрөхдөө өөрийгөө бүрэн илтгэн харуулах хүсэл тэмүүлэлтэй, өөрийн бүх боломж бололцоогоо хөгжүүлэхэд зайлшгүй хүрэлцэх хүч чадалтай төрдөг байна.

Хүний мөн чанарт өөдрөгөөр хандах хандлага нь хүмүүнлэгийн үзэл санааны нэг онцлог юм. Хэдийгээр хүнд ийм төрөлхийн чадамж байдаг ч гэсэн нийгмийн зүгээс бий болгосон хүмүүжил, тогтоосон хэм хэмжээ нь хүнийг өөрийн хэрэгцээ, санаа бодлоо хязгаарлан бусдын дэвшүүлсэн үнэлэмжийг хүлээн авч, хөгжих ёстой чиглэлээсээ хазайхад хүргэдэг гэжээ.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
хонгороо (зочин)

ганц хэрэгтэй зүйлээ эндээс л оллоо баярлалаа

Сайнхишиг (зочин)

их баярлалаа хайснаа оллоо

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)