Туршилтын сэтгэл судлал

Туршилтын сэтгэл судлалын судалгааны гол чиглэл нь сэтгэцийн процессын ерөнхий зүй тогтолыг нээх явдал байжээ. Гэтэл эрт дээр үеэс нийгмийн практикт хүмүүс өөр хоорондоо хувь хүнийхээ хувьд ялгаатай байгааг тодорхойлох оролдлого хийсээр байсан юм.

Хүмүүсийн хоорондын ялгааг эмпирик аргаар тодорхойлж байсан бол математикийн болон туршилтын аргыг хэрэглэснээр мэдлэгийн онцгой салбар болох дифференциаль сэтгэл судлал хөгжиж эхэлсэн юм. Дифференциаль сэтгэл судлал нь хүмүүсийн хувийн ялгаа, мөн түүнчлэн нийгмийн бүлгүүдийн ялгаа шинж тэмдгүүдийг судалдаг байна.

Энэ чиглэлээр анхны гэж тооцож болох нэгэн бүтээлийг Аристотелийн шавь ,,Ботаникийн эцэг,, хэмээн нэрлэгддэг Теофраст ,,Ёс суртахууны шинжүүд,, (этические характеры) гэсэн зохиолдоо хүмүүсийн хоорондын ялгааг оновчтой тодорхойлж, янз бүрийн хэв шинжид хүмүүсийг ангилан үзсэн нь олон зуун жил хэрэглэгдсэн ажээ. Нарийн ажиглалт судалгааг 16-18 зуун эрдэмтэн Монтеня, Лабрюйера, Лорашфуко нар хийсэн юм.

XIX зууны эхэн үеийг хүртэл сэтгэцийн үзэгдлийг физикийн ба философийн шинжлэх ухааны онол, аргыг ашиглан тайлбарладаг байсан. Энэ үеэс дифференциаль сэтгэл судлал эрчимтэй хөгжиж эхэлжээ.

Сэтгэл судлалд туршилт нэвтэрч бодьгалын ялгааны тухай төсөөлөл, тодорхой ойлголтууд бий болсноор янз бүрийн шалгуурууд зохиогдож, шалгуурт тохирох хүмүүсийг ялган тодорхойлох болжээ.

Вундтын шавь Э.Крепелен, Д.М.Кеттелл нар туршилтын тусламжтай бодгалийн хувийн ялгааг тодорхойсон юм. Дээрх эрдэмтэдийн судалгаа нь Вундтын явуулж байсан туршилтын чиглэлийг өөрчилж, нэг хүний нөгөөгөөсөө ялгарах онцлог шинж, бодьгал хувь хүний шинж тэмдгүүдийн ялгааг тайлбарлахад чиглэж байв. Үүнийгээ ,,Психиатрын сэтгэл зүйн туршлага,, номондоо өгүүлсэн байдаг.

Мөн энэ жилүүдэд бодьгалийн сэтгэл зүйн тухай өөр нэг өгүүллийг Францын сэтгэл зүйч Альфред Бине (1857-1911), Анри нар бичсэн байна. А.Бине Францын туршилтын сэтгэл судлалыг үндэслэгч бөгөөд анх удаа Францад сэтгэл судлалын лабораторыг байгуулсан (1889) эмч Шаркотой хамтран ихээхэн хэмжээний материалыг тогтоох чадвартай хүнийг судалсан юм. Шарко клиникийн туршлага, тархины янз бүрийн хэсгийн мэдрэхүйн үүрэг, байршлын тухай сургаальд тулгуурлан харааны, сонсголын, хөдөлгөөний гэсэн ойн хэлбэрүүд байх тухай санааг дэвшүүлсэн ажээ.

А.Бинэ ,,Сандал гэж юу вэ? Морь гэж юу вэ?,, гэх мэт асуулт тавьж гурваас долоон насны хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн түвшинг судлан тоочих, тодорхойлох, ангилах гэсэн хөгжлийн гурван шатыг тодорхойлсон байна.

В.Штерн (1871-1938) 1900 онд ,,Бодьгалийн сэтгэл зүйн ялгаа гэсэн бүтээлээ гаргаж түүндээ дифферинциаль сэтгэл судлал гэсэн нэр томъёог хэрэглэсэн нь хожим нь бүх нийтээр хүлээн зөвшөөрөх болжээ. Крепелин, Шарко, Бине, Анри, Штерн нар туршилтын болоод соёл түүхийн судлалаас ялгаатайдаа шинэ салбар ухааныг хөгжүүлсэн юм.

Үүнтэй зэрэгцэн хувь хүнийг судлахад математик аргыг хэрэглэх болсон ба анхдагч нь Английн эрдэмтэн Ф.Гальтон юм.

Ф.Гальтон /1822-1911/. Түүний сэтгэл судлалд оруулсан гол хувь нэмэр нь хувь хүний ялгааг судлах техник буюу статистик аргыг боловсруулсан явдал юм. Тэрээр мэдрэх чадварын зааг, ассоциацийг судлан сонсголын сэрлийн дээд заагийг тодорхойлох тусгай шүгэл зохиосон юм. Тэрээр бүхий л туршигдагчидын бодьгал хүний хоорондын ялгааны генетик үндсийг сонирхон судалж, үүнийгээ судлан тодорхойлох туршилтын загвар, төлөвлөгөөг зохиожээ. Гальтон ихрүүдийг сонирхон судалж тэдний генетикт төсөөтэй зүйл нь юу байна гэдгийг судалж, уг судалгаандаа статистик аргыг анх удаа ашигласан юм.

1869 онд Гальтон ,,Авъяас билгийн удамшигдсан шинж,, номоо хэвлүүлж, хүмүүсийн намтарт статистик анализ хийгээд дараах дүгнэлтийг гаргасан байна. Үүнд: оюуны чадвараараа жирийн, дундаж хүмүүс хамгийн өргөн тархамтгай бөгөөд үүнээс сул эсвэл маш өндөр хөгжилтэй хүмүүс цөөхөн байдаг. Учир нь энэ нь цаанаасаа хатуу тогтоож өгсөн удамшлын хүчин зүйлээс шалтгаалж байдаг гээд дөнгөж төрсөн 4 хүүхдийн нэг нь л тэднээсээ илүү их авъяастай байх магадлалтай гэж үзжээ. Гальтон оюуны чадварыг тодорхойлохдоо намтар ба анкетын аргыг ашигласан байна.

Мөн сэтгэцийн удамшлийн талаарх асуудлыг авч үзэн ,,Удамшлын ген ,, номоо хэвлүүлжээ. Уг зохиолд мэдлэгтэй гоц авьяастай хүнээс гоц авьяастай хүүхэд төрнө гэсэн өөрийн санаагаа илэрхийлсэн байдаг. Гальтон өөрийн номондоо тухайн үеийн алдар цуут эрдэмтэн, эмч нарын намтар түүхээс иш татан, алдар цуутай авьяастай хүн бүр суу билгийг залгамжлаад зогсохгүй бусдаас онцгой хэв маягтай байдаг гээд үүнийгээ судалгаагаар баталжээ. Гальтон нийгэм нь ,, сайн чанар,,-ыг хүнд төрүүлэхэд хувь нэмэр оруулах, чанаргүй хүн төрөхөд саад болох хэрэгтэй гэж үзсэн байна. ,,Удамшлын ген,, зохиол нь хүмүүсийг оюун ухааны түвшингөөр нь хуваах, сэтгэцийн хөгжилд удамшлын гүйцэтгэх үүрэг, биологийн үндсэн нөлөөг тодорхойлохыг оролдсон юм.

Нийгмийн байдал болон тухайн хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь давуу байдал нь суу билэгт хүн төрөхөд нөлөөлдөггүй. Суу билэгт удамшил нөлөөлөхөөс биш бололцоо боломж орчин нөлөөлдөггүй гэж үзжээ. 1904 онд Английн их сургууль болон коллежид туршилтын лабораториуд байгуулж удамшлын талаар 30 гаруй зохиол бүтээлийг туурвисан билээ.

Гальтон орчин үеийн статистикийн аргыг үндэслэгч Белгийн математикч Адольф Кетле-н ,,Нийгмийн физик,, хэмээх бүтээлийг судлан өөрийн судалгааны ажилд хэрэглэж байсан юм.

Мөн Гальтон ,,корреляцийн хамаарал,, гэдэг ухагдахууныг 1880 онд анх хэрэглэсэн ба корреляцийн коэффициентийн үндсэн шинжийг тодорхойлохдоо графикийн аргыг ашиглажээ. Гальтоны шавь Карл Парсон корреляцийн томьёог гаргасан ба корреляцийг ,,R ,, үсгээр тэмдэглэх болсон байна. Гальтон бодгалийн оюун ухааны дээд түвшин сэтгэхүйн түвшнөөс дээгүүр байж болно гэсэн санааг гаргасан юм. Энэхүү санаагаа Ж.Локкийн эмпирик үзэл баримтлал дээр тулгуурласан ажээ. Сэтгэцийн шинжийг тодорхойлох судалгаа нь шинжлэх ухаанд хамгийн өргөн хэрэглэгддэг бөгөөд Гальтон хүүхэд эмэгтэйчүүдийн сэтгэцийг илүү тодорхойлсон байдаг. Үүнээс гадна хүний дүрслэн бодохуй янз бүр байдаг ч нэг хуульд захирагдана гэжээ. Гальтоны ихэнх зохиол судалгааны ажил нь удамшлын асуудал, биологийн төсөөтэй байдал түүнийг нь харуулах гэсэн оролдлоготой нь шууд холбоотой байсан.

1874 онд Гальтон ,,Шинжлэх ухаан дахь Англи хүмүүс, тэдний төрөлх чанар ба хүмүүжил,, гэсэн номондоо: Хүний төрөлх шинж ямагт шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд гадаад орчин нөхцөл нь ач холбогдол багатай, тэр ч бүү хэл бүр сөрөг нөлөөтэй ч байх тохиолдол байна гэж бичжээ.

1884 онд Лондоны олон улсын үзэсгэлэнгийн үеэр Гальтон Антропометрийн лабораторийг байгуулж хоёр жил гаруй үйл ажиллагаа явуулахдаа 9000 гаруй хүнийг хамруулж судалгаанд оролцогчдын хараа, сонсгол, амьсгалын давтамж, булчингийн өсөлт, жин, өндөр, оюун ухааны чадварыг энгийн аргаар судлан тодорхойлжээ.

Гальтон өөрийн судалгааныхаа ач холбогдлыг дүгнэж: Илүү сайн дасан зохицсон хүмүүсийг сонгож болох урьдчилсан нөхцөл, хэрэглүүр нь миний судалгаа юм гэж үзжээ. Тэрээр хүний төрөл илүү сайн болох нь нохой морь гэх мэтийн үүлдэр сайжрахтай адил гээд үүний зорилго нь илүү дээд түвшний соёл иргэншилд орох, илүү сайн сэтгэх чадвартай хүмүүсийг өсөж дэвжихэд дэм болж, хүчтэй чадалтай бие хүнийг олшроход дэмжлэг үзүүлэх явдал юм гэж үзсэн. Мөн түүний сэтгэл судлалд оруулсан чухал хувь нэмэр бол вариацийн статистик арга юм. Үүнийг цааш нь К.Парсон болон түүний бусад шавь нар нь үргэлжлүүлэн боловсронгуй болгож ,,факторный анализ,, /хүчин зүйлийн анализ / гэсэн аргыг буй болгосон юм.

Дурьдан буй цаг хугацаанаас хойш аж үйлдвэрийн өсөлт түргэсч үйлдвэрлэлд илүү сайн боловсон хүчин шаардлагатай болсон юм. Иймд тухайн ажилд тэнцэхүйц хүмүүсийг авах нь эдийн засгийн хувьд ашигтай байсан бөгөөд энэ ч үүднээс дифференциаль сэтгэл зүйн ололтыг ашиглах шаардлагыг буй болгосон юм. Энэ үед Гальтоны боловсруулсан тест, статистик аргыг өргөн ашиглаж байсан ба Америкийн сэтгэл зүйч Э.Кеттелл Лейбцикийн лабораторийг орхин Гальтонтой хамтран ажиллахаар ирсэн байна. Э.Кеттелл 1890 онд ,,Mind,, сэтгүүлд ,,Оюун ухааны тестүүд ба хэмжүүрүүд,, гэсэн өгүүлэл хэвлүүлжээ. Үүндээ Кеттелл ,,Сэтгэл судлалын шинжлэх ухаан нь туршилт, хэмжилтэд тулгуурлахгүйгээр физикийн шинжлэх ухаан шиг үнэн зөв оновчтой байх үндэслэл муутай. Энэхүү асуудлыг нийгмийн янз бүрийн бүлгийн хүмүүсийг оюун ухааны тестэд хамруулах замаар шийдэх боломжтой юм. Ингэснээр сэтгэцийн процессууд, тэдгээрийн янз бүрийн нөхцөл дэх өөрчлөлт, харилцан холбоо, байнгын шинж зэргийг нээх боломжтой болох ба шинжлэх ухаанд ихээхэн ач холбогдолтой юм,, гэсэн байдаг.

Энэхүү олныг хамруулсан судалгаа, дүгнэлт статистик тооцоо нь сэтгэл судлалыг бие даасан шинжлэх ухаан болоход гол түлхэц нь болсон юм. Тухайн үед боловсруулж байсан тестүүд нь янз бүрийн төрлийн мэдрэхүйн чанарын хэмжилт, өнгө нэрлэх гэх мэт хэмжүүрүүд орсон байдаг. Тэрээр 1891 оноос АНУ-ын Колумбын их сургуулийн лабораторид тестээ хэрэглэж эхэлжээ. Үүнээс хойш тестийг өргөн хэрэглэх болж, оюун ухаан удамшигдана гэсэн үзэл баримтлал нь тестологийн үндэс болсон юм. Үүнээс хойш 1904 онд Бине оюун ухааны хомсдолтой хүүхдийн сургууль байгуулж Симонтой хамтран янз бүрийн насны хүүхдийн анхаарал, сэтгэхүй, ой тогтоолт зэргийг судлах сери туршилт явуулсан бөгөөд тэд: оюун ухаан гэдэг нь биологийн ерөнхий зарчмаар явагдах организмын өөрчлөлтийн янз бүрийн үе шат бүхий боловсролт юм гэж үзжээ.

Үүнээс хойш 1911 онд Оюуны ба хуанлийн хронологын нас, оюун ухааны түвшин МА/ChG=IQ гэсэн ойлголтуудыг томьёолсон юм.

Кеттелл АНУ-д эргэн ирж хүний мэдрэхүйн хөгжлийг тодорхойлох 50 орчим тест зохиожээ. Тухайн үед АНУ-д мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүсийн зохиосон асар олон тест зохиогдох болсноор 1895-1896 оны хооронд тестийг нэгтгэх, чанаржуулах зорилгоор үндэсний хоёр хороо байгуулагджээ. Уг хороонд А.Бине, Г.Эббингауз, В.Штерн, Э.Торндайк, Г.Мюнстерберг, Г.Мюллер гэх мэт олон эрдэмтэд ажиллаж байсан юм.

Энэ үеэс хүүхдийн оюун ухааны хөгжлийг оношлох асуудал нилээд эрчимтэй хийгдсэн нь А.Бине, Т.Симон нарын судалгаа юм. Тэд тусгай хэмжүүрийн тусламжтай хүүхдийн ,,оюуны насыг,, тодорхойлох оролдлого хийсэн юм. Хожим нь Немцийн сэтгэл судлаач В.Штерн оюун ухааны коэффициент IQ -н тухай онолыг боловсруулжээ.

Оюун ухааны коэффициент IQ -г оюуны насыг хуанлын буюу хронологийн настай харьцуулан гаргана.

IQ = Оюуны нас/Хронологийн нас * 100%

Коэффициентийн норм нь 70-130%. А. Бине судалгааныхаа үр дүнд оюун ухааны хөгжил нь наснаас үл хамааран тогтмол байна, жишээ 3-15 насанд нийгмийн орчин, хүмүүжил, сургалтаас үл хамааран үзүүлэлт нь адил байна гэж үзжээ. Үүнээс харахад А.Бине оюун ухааны хөгжлийг төрөлхийн шинжтэй гэж үзсэн бололтой. А.Бине өөрийн хэмжүүрийг шкал 1905, 1908, 1911 онуудад дахин боловсруулсан юм.

IQ үзүүлэлт доогуур гарсан хүүхдүүдийг тусгай сургуульд, харин өндөр гарсан тохиолдолд авьяаслаг хүүхдийн сургуульд сургадаг болсон байна.

Дээрх тестүүд нийгмийн хөгжлийн дагуу шинэчлэгдэн засварлагдаж өнөөдөр ч хэрэглэгдсээр байгаа билээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)