Эртний сэтгэл судлалын сэтгэлгээний хөгжил

Эрт дээр үеэс эхлээд оюуны болон эдийн соёлын харилцан үйлчлэлцэл явагдаж бие биедээ нөлөөлсөөр ирсэн ажээ. Иймээс эртний Грекийн соёл иргэншлийг дорно дахины соёлын ололт амжилтаас салангид авч үзэж болохгүй юм. Бүх шинжлэх ухааны үүсэл хөгжлийг эртний гүн ухаан, философийн үзэлтэй холбон тайлбарладаг. Эртний философи нь хүмүүсийн материаллаг амьдралаас урган гарсан байна. Өөрөөр хэлбэл нэг үйлдвэрийн хэлбэр солигдох бүрт соёлын нэг түвшингээс нөгөөд шилжиж байсан явдал юм. Боолын хөдөлмөр зонхилж байсан үе өөрчлөгдөхөд, гар үйлдвэр хөгжиж хот суурин бий болж, гар үйлдвэр хөдөө аж ахуйгаас салсан байна. Үүнтэй уялдан мөнгөн ба таваарын харилцаанд өөрчлөлт гарч эхэлжээ. Эртний грект дээрх өөрчлөлттэй уялдан хүмүүсийн оюун ухаанд ч өөрчлөлт гарч, математик, астрономи, газар зүй, анагаах ухаан зэрэг мэдлэгийн онцгой хэлбэрүүд хөгжиж эхэлжээ. Үүний зэрэгцээ хувь хүний бодол санаа илүү хийсвэрлэгдэн ертөнцийн учир шалтгааныг нээх, илэрүүлэх хүсэл эрмэлзлэл бий болж гүн ухааны үзэл бодлууд хөгжиж, бие хүний шинэ шинэ төрх, хэв маяг бий болсон ажээ. Анхны философийн систем нь амьдралын үүслийн талаарх үзлүүд байлаа. Фалес ертөнцийн үүсэл хөгжлийг уснаас эхтэй гэж үзсэн бол, Анаксимен агаараас, Гераклит галаас эхтэй хэмээн тайлбарласан байдаг.

Эртний сэтгэгчид хүн хэдий оюун ухаанаар дээд зэргийн хөгжилтэй ч ертөнцийн болон байгалийн хуульд захирагддаг гэдгийг нээжээ.

МЭӨ V зуунд Грек Персийн дайны дараа улс төр эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж эхэлсэн ба Демокритын атомын онол шинжлэх ухааны хөгжилд шинэ эрин үеийг нээсэн юм. МЭӨ V зууны Афин нь философийн төв болж, мэргэн ухааны багш софистууд зонхилох байр суурийг эзлэх болжээ. Софистууд нь уран үгээр ямар нэг зүйлийг батлах, нотлох, няцаах, замаар суралцагсдын оюун ухаан мэдрэмжид нөлөөлж мөн дээрх чадвартаа сургадаг байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

МЭӨ IV зууны агуу хоёр сэтгэгч Платон, Аристотель нар философийн болон сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилд олон зуун жилийн туршид гүн гүнзгий нөлөө үзүүлсэн системийг боловсруулсан ажээ. Тухайн үеийн сэтгэгчдийн үзэл бодол үйл ажиллагааны тухай авч үзье.

Гераклит. МЭӨ IV зууны сүүл V зууны эхэн үед Гераклит сансар ертөнцийг ,,мөнхийн амьд гал,, мэтээр төсөөлж, харин сэтгэл санаа нь ,,Логосын оч,, хэмээн үзжээ. Гераклит орчлонгийн эхлэл нь гал бөгөөд байгаль дэлхийн олон янзын байдал, тэр ч байтугай хүний сэтгэл оюуныг хүртэл галын элдэв хувирал гэж үзээд орчлонг ,,Богд тэнгэр, нар эгэл хүмүүсийн аль алин нь бүтээгээгүй, үргэлж байсан байна, байх ч болно,, хэмээн цохон тэмдэглэсэн байна. Мөн мэдрэмжийн эрхтний үйл ажиллагааг оюун ухаанаас ялган авч үзээд, хүний танин мэдэх идэвхийг тайлбарлажээ. Танин мэдэх идэвхийн үр дүнд үүсч буй мэдлэг нь хүнд ,,бараан,, мэдрэмжийг төрүүлдэг бол сэтгэхүйн үйлийн үр дүнд ,,гэгээн,, буюу тодорхой мэдлэг болон хувирдаг гэж Гераклит үзсэн байдаг.

Олон талын мэдлэг оюун ухаан хоёр нь бие биеэ гүйцээж байдаг гээд хүрээлэн буй орчны тухай үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд эрдэмтэд, философчид ихийг мэдэх хэрэгтэй гэж Гераклит үзжээ. Тэрээр хамгийн анх хүүхэд ба насанд хүрсэн хүмүүсийн хоорондын сэтгэл санааны ялгааг тодорхойлсон юм. Түүний үзлээр нас ахих тусам хүний сэтгэл санаа ,,хуурай, халуун,, болдог. ,,Хуурай гэдэг нь ухаалаг сайн гэсэн үг юм. Харин хүүхдийн сэтгэн бодох чадвар насанд хүрэгчдийг бодвол муу байдаг учир ,,нойтон,, байна. Согтуу хүн гуйвж явахдаа хаашаа явж байгаагаа мэддэггүй учир сэтгэл санаа нь мөн нойтон байдаг,, гэж үзжээ. Мөн Гераклит ,,бүх юм урсан өнгөрч, нэг нь нөгөөгөөр солигддог,, болохыг нээж бүх юм урсан өнгөрч бүх юм хувьсан өөрчлөгдөнө иймд ,,Нэг голын усанд хоёр дахин орох боломжгүй,, гэжээ.

Демокрит: МЭӨ (460-370) Демокрит Абдер хотод баян айлын гэр бүлд төрж өссөн ба Египет, Перс, Энэтхэг зэрэг бусад улсад аялан явж ихийг сурахыг хүссэн бөгөөд сурсан мэдснээ багтаан ,,Их дэлхий ертөнцийн бүтэц,, гэсэн ном бичсэн гэдэг.

Демокритийн гол гавъяа бол атомын тухай онолыг анх боловсруулсан явдал юм. Түүний үзлээр бол матери гэдэг нь орон зай дотор мөнх хувьсан хөдөлж байдаг атомууд мөн. Атом нь үл хуваагдах, хувиршгүй зүйл бөгөөд оршин буй бүхний эхлэл юм. Атомууд хоорондоо хэлбэр, хэмжигдэхүүн, байрлалаараа ялгаатай. Атомын тоо, хэлбэр хоёр хязгааргүй юм. Атом бол мөнхийн бөгөөд хэн ч бүтээгээгүй, хэзээ ч үгүй болохгүй бөгөөд хүн ч өөрөө атомаас тогтдог гэж Демокрит үзжээ. Мөн сэтгэц нь хүний бие эрхтний идэвхтэй үйл ажиллагааны эх булаг бөгөөд хүн үхэхэд бие, сэтгэл санаа, сэтгэц хамт үгүй болно. Хүний тархи түүний бүтээгдэхүүн болох сэтгэц нь бусад материйн нэгэн адил атомаас, тэр дундаа дугуй атомаас бүтнэ гэжээ. Демокрит ,,Хүний сэтгэц ухаан нь толгойд, зоригийн хэсэг цээжинд, дур тачаал нь элэг, мэдрэхүйн эрхтэнд байрлах агаад мэдрэхүйн эрхтэн, сэтгэцийн атомууд нь өөр хоорондоо ойрхон оршдог. Харааны, сонорын гэх мэт сэрлүүд нь хоорондоо холбоотой бөгөөд хэд хэдэн мэдрэхүйн эрхтний үйл ажиллагааны тусламжтай хүн ертөнцийг нээдэг гэж үзжээ.

Үүнээс гадна Демокрит танин мэдэх процессуудыг сэрэл ба сэтгэхүй гэсэн 2 түвшинд хуваажээ. Сэтгэхүй сэрлийг бодвол илүү их мэдлэгийг бидэнд өгдөг гэж үзжээ.

Мөн юмсын анхдагч ба хоёрдох шинж чанарыг тодорхойлсон байна.

Анхдагч шинж чанар: бодит хэмжүүрүүд: жин, өө сэвгүй, гялгар, барзгар гэх мэт.

Хоёрдогч шинж чанар: өнгө, үнэр, амт. Энэ шинж чанарыг хүн өөрөө бодож олсон гэж үзсэн.

Мөн Демокрит ёс суртахууны талаар нилээд зүйлийг хийсэн бөгөөд хүмүүжил нь хүнд сайн сэтгэх, сайхан ярих, сайн ажиллах гэсэн гурван чадварыг өгдөг гэж үзжээ.

Гиппократ: МЭӨ-460-377 өөрийн гэсэн сургуультай, анагаах ухааны эцэг хэмээн нэрлэгддэг, эмч, байгаль шинжээч юм. Эцэг нь эмч, эх нь эх баригч байсан нь Гиппократын ирээдүйг багаас нь зааж өгчээ. Тэрээр хүний тархи, оюуны хооронд холбоо сэтгэлзүйн функцийг тодорхойлох оролдлого хийж хүний зан төлөв темперамент нь хүний биеэс ялгаруулж буй цус, салс, шар цөс, хар цөс гэсэн дөрвөн янзын шингэний харьцаанаас шалтгаална гэжээ. Дээрх дөрвөн шингэн хүний биед харилцан адилгүй ялгарах бөгөөд давамгайлж буй шингэн нь тухайн хүнийг тодорхойлогч болж чадна гэж үзээд темпераментийн 4 хэв шинжийг бичжээ. Үүнд: Зүрхнээс ялгарах цус ихтэй хүн сэргэлэн цовоо сангвиник, тархинаас ялгардаг салс ихтэй хүн сэтгэлийн хөдөлгөөн багатай удаан флегматик, элэгнээс ялгарах шар цөс ихтэй хүн шаралхуу ууртай холерек: цөсний уутнаас ялгарах хар цөс ихтэй хүмүүс гунигтай өлбөгөр, сул, хартай меланхолик гэж үзжээ. Мөн онош зүйн тухай болон өвчний шинж тэмдгийн тухай сургаалаа 2400 гаруй жилийн өмнө боловсруулжээ.

Алкмоен: МТӨ 6 зуунд амьдарч байсан эртний Грекийн эмч. Тэрээр өөрийн ажиглалт, мэс ажилбарын үр дүнд тархи нь сэтгэцийн эрхтэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тархины тал бөмбөлөгөөс нүдний ухархай хүртэл хоёр нарийн зам байна, мөн мэдрэхүйн эрхтэн тархи хоёр нь шууд холбоотой. Тархинд үнэрийн, харааны, сонсголын сэрэл үүсэх ба үүний үр дүнд ой тогтоолт, төсөөлөл үүсэж, улмаар мэдлэг бий болно гэж үзжээ.

Эртний Грект ,, зүрх төвтэй , тархи төвтэй,, гэсэн хоёр онол хүчтэй хөгжиж байсан ба Алкмоены дээрх онол тухайн үедээ хамгийн шинжлэх ухааны үндэслэлтэй болж чадсан юм.

Сократ: Уран барималчны гэр бүлд төрж, багаас аавыгаа даган барималчны зэрэгт хүрсэн боловч гүн ухааныг сонирхон судалж эхэлжээ. Сократ амьдралдаа ганц ч мөр үг бичиж үлдээгээгүй боловч өөрийнх нь аж амьдрал гүн ухааны зохиол байлаа. ,,Өөрийгөө таньж мэд,, гэдэг бол Сократын гүн ухааны цөм болж байжээ. Тэрээр бурхныг үгүйсгэсэн хэргээр шүүхэд шилжин цаазаар авахуулжээ. Ёс суртахууныг хүний зан төлөвтэй холбон авч үзжээ. Мөн ёс суртахууныг хүний ухаантай холбож, нэн тэргүүнд хүн сайн ба мууг ялгаж тэдгээрийг харьцуулан үнэлж чаддаг болох ёстой гэж үзсэн. Хүн өөрийгөө таньж мэдсэнээр өөрийнхөө дотоод ертөнцийг ойлгож зан төлөвийг болон ёс суртахууны норм хэм хэмжээг амьдралын янз бүрийн нөхцөлд хэрэглэж сурдаг. Сэтгэл зүрхээ нээн харилцан ярилцах нь хүнийг хөгжүүлдэг гэж үзжээ.

Платон МЭӨ 428-348 онд: Афинд баян айлын гэр бүлд төрсөн. Түүний олон талын авъяас чадвар багаасаа илэрч Апаллоны хүү хэмээн нэрлэгдэж байжээ. Тэрээр жинхэнэ нэрийг нь Аристокль гэдэг байсан бөгөөд идэр насанд Платон хэмээн шинэ нэр өргөмжилсөн байна. Платоныг эцэг нь Сократад шавь оруулсан ба тэрээр объектив идиалист байлаа. Аялан жуулчилж явсны эцэст Афинд эргэн ирж өөрийн нөхдийг цуглуулан, идиалист философийн сургууль болох академийг байгуулж үзэл бодлоо системтэй дэлгэрүүлж эхэлсэн байна. Платон ,,Сэтгэц бол бодол санааны хаан,, юм гэж үзжээ.

Эртний сэтгэл судлалын хөгжлийг дүгнэж үзвэл эртний Грекийн гүн ухаантнууд өнөөгийн сэтгэл судлалын гол гол чиглэл болсон шийдвэрлэвэл зохих асуудлуудыг нээж өгсөн юм. Мөн сэтгэцийг материаллаг ертөнцийн хөгжил хөдөлгөөний хуульд захируулан тайлбарлахыг оролдож байлаа.

Эртний сэтгэгчдийн сэтгэцийн талаархи тайлбарууд нь гурван чиглэлээр хийгдсэн байдаг. Эхний чиглэл нь материаллаг ертөнцийн хөгжил хөдөлгөөний хуулиар сэтгэцийг тайлбарласан байна.

Хоёр дахь чиглэлийг Аристотель боловсруулсан бөгөөд органик бодис нь органик бус бодисоос үүсэлтэй гэсэн санааг дэвшүүлсэн байдаг.

Гурав дахь чиглэл нь сэтгэцийн амьдралыг тайлбарлах идиалист ба материалист урсгал байлаа.

Хувь хүний сэтгэцийн үйл ажиллагаа нь бие бялдрын бүтцээс бус хүний соёл, ёс суртахууны үнэт зүйлийн хэлбэрээс шалтгаална гэсэн дүгнэлт хийжээ. Дээрх дүгнэлтүүд нь сэтгэл судлалын цаашдын хөгжил болон сэтгэцийн процессын бүтэц, хөдөлгөөнийг тайлбарлахад голлох үүргийг гүйцэтгэсэн байна. Хүн төрөлхтний соёл нь хүний оюун санааны амьдралын үндсэн хэв маяг болох шашин, соёл, шинжлэх ухааныг бий болгожээ. Шашин нь домогт тулгуурлан, урлаг нь уран сайхны дүрд тулгуурлан, шинжлэх ухаан нь туршлагын логик утгад тулгуурлан хөгжсөн байна.

Эртний сэтгэл судлалын гол амжилт нь ,,сэтгэц,, гэсэн нэр томъёог тэмдэглэсэн явдал юм. Энэ үед анх хүний сэтгэц, оюун санаа бие бялдар, сэтгэхүй, нийгэм соёлын болон бие хүний харилцаа хүний ахуйн хэрэгцээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийг оролдож байсан юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)